KAZNEWS – Facebook дэх “Сониучхан бяцхан хүүд минь Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглээч” нэртэй бүлгэмийн нэгэн бичлэг олон эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг хөглөжээ.
Нурболатын Мейрам нь 1 нас 10 сартайдаа баруун болон зүүн нүдний хорт хавдартай, баруун нүд нь уг хорт хавдрын улмаас хараагүй болсон гэж оношлогдон, сайхан сэтгэлт ах, эгч нарынхаа сэтгэлийн хандив, дэмжлэг, туслалцааны ачаар БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлэг, Жинан хотын QILU эмнэлэгт эмчлүүлж, 2 дахь хагалгаагаа энэ сарын 18-ны өдөр /2020-01-18/ амжилттай давсан билээ. Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний эцэст мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын ачаар хоёр нүдний хорт хавдрыг амь насанд нь аюулгүй болгож, төрөлхийн хараагүй байсан баруун нүдэнд хараа орох магадлал өндөр гэсэн оноштойгоор одоо БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлэгт эмчилгээ үргэлжилж байна.
Энэ үеэр хүүгийн эцэг Б.Нурболатын Жинан хотын нэгэн автозамын явган хүний гарцад хүүхдээ тэврэн туслалцаа хүсэж буй хятад иргэнд тусалсан бичлэг олон эцэг, эхчүүдийн талархлыг хүлээжээ. Тэрээр өвчтэй хүүхдээ мөнгөгүйн улмаас эмчлүүлж чадаагүйгээс явган зорчигчдоос тусламж гуйж буй хятад иргэнд тусалсан тухайгаа “Хорвоо дэлхийн үр бүхэн ээж аавынхаа дэргэд эрүүл энх л байвал АЗ ЖАРГАЛ юм даа. Энэ хүмүүс бидэн шиг л зүрхэндээ гуниг тээж яваа болохоор туслахгүй өнгөрч чадахгүй юм билээ. Зүгээр л чаддаг зүйлээрээ жаахан ч гэсэн дэм болохыг хүслээ” гэжээ.
Бяцхан хүү Н.Мейрамын эцэг Б.Нурболат, ээж С.Сергүл нар энэ хугацаанд хүүгийн эмчилгээний зардалд чин сэтгэлээсээ хандив өргөж, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст, түүнчлэн БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч ХАН МИНГ ЛЕЙ болон Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч ЖАОЖУН ЯАН нарт Facebook дэх “Сониучхан бяцхан хүүд минь Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглээч” бүлгэмээр дамжуулан баярлаж, талархсанаас илэрхийлсэн байна.
Бяцхан хүү Б.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив, туслалцаа үзүүлэх сайхан сэтгэлт хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банк дахь 5058210200 дугаартай дансаар дамжуулан хандаж болох юм байна.
Сониучхан бяцхан хүү Н.Мейрамд Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглэцгээе!