Connect with us

Мэдээ, мэдээлэл

Ж.Энхсайхан: Казахстантай цөмийн салбарт хамтарч ажиллах асар их боломж байна

Published

on

Казахстантай цөмийн салбарт хамтарч ажиллах асар их боломж байна

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жалгас Жумаевич бид хоёр Венад танилцаж хамтарч ажиллаж байв. Түүнийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа уулзахдаа баяр хүргэж тус хоёр орны харилцааг хөгжүүлэхэд нь ажлын их амжилт хүсч, хоёр орны харилцааны зарим асуудлаар ярилцав. Манай хөрш хоёр орны харилцаа бараг бүх салбарт амжилттай хөгжиж байгаад бид хоёр санал нийлж байв. Венад томилолтоор ажиллаж байхдаа цөмийн салбар болон Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын чиглэлээр амжилттай хамтарч ажиллаж байснаа дурсаад тэр чиглэлээр хамтын ажилагаагаа өргөжүүлэхэд анхаарахаар тохирсон. Элчин сайд саявтар надтай холбогдож Казахстаны санаачилгаар НҮБ жил бүрийн 8 сарын 29-ний өдрийг Цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүйцэх олон улсын өдөр болгосныг сануулаад тэр өдрийг угтаж хэвлэлд цөмийн салбарт хамтарч ажиллаж болох асуудлаар өгүүлэл бичиж гаргахыг хүссэний дагуу энэхүү өгүүллийг бичиж байна.

Казахстан бол 19 сая гаруй хүн амтай, Төв Азийн нөлөө бүхий улс юм. Миний бие Казахстаны дипломатуудтай олон талт хамтын ажиллагааны шугамаар бараг 20 жил хамтарч ажиллаж ирсэн. Казахстан 1991 оны сүүлээр тусгаар тогтнолоо зарлаж, 1992 оны 3 сард НҮБ-ын гишүүн болсон шинэ залуу улс хэмээн тооцогддог. Тэр үед дипломатууд нь туршлага багатай, өөртөө итгэл багатай мэт санагддаг байсан бөгөөд бидэнтэй нэлээд зөвлөлдөж хамтарч ажиллаж байсан. НҮБ-ын хүрээнд бие биеийн санал санаачилгыг дэмжих, Азийн бүлгийн хэмжээнд хамтран ажиллаж мэдээлэл солилцох, сонгуульд харилцан бие биеэ дэмжих, зарим тогтоол санаачлахад хамтран зохиогчоор орох зэргээр үр ашигтай хамтран ажилладаг. Венад гэхэд л монголын тал бүсийнхээ бүлгийг даргалж байхдаа Казахстаныг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Захирагчдын зөвлөлд сонгуулах талаар тэдэнтэйгээ ярилцаж байсан бол Казахстаны тал тус улсыг ЕАБХАБ-д гишүүнээр сонгуулах талаар манай талд зөвлөгөө өгч дэмжиж байсан жишээтэй.

Өнгөрсөн бараг 30 жилийн хугацаанд Казахстан идэвхтэй гадаад бодлого явуулж их гүрнүүдтэй бүгдтэй нь тэнцвэртэй харилцаж ашиг сонирхлоо амжилттай урагшлуулж ирлээ. Олон талт хамтын ажиллагааны чиглэлээр олон зүйлийг хийж амжуулсныг энэ чиглэлээр тэдэнтэй хамтарч ажиллаж байсан, тэр талаар судалгаа хийж байсан хүмүүс сайн мэднэ. Миний хувьд гэвэл дипломатууд нь туршлага, дадлага амархан сууж, хариуцсан асуудлаа цаг алдалгүй ягштал хийж гүйцэтгэхэд анхаардаг тал ажиглагддаг байв. Нэг хэсэг миний хариуцан ажиллаж байсан цөмийн хамтын ажиллагааны салбарт Казахстан улс хэрхэн ажиллаж ирсэн талаар болон түүнээс санаа авах, зарим асуудлаар хоёр талаар хамтарч ажиллах асуудлыг энд хөндөх болно.

Цөмийн полигонуудыг хаах, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах нь. Казахстанчууд энэ чиглэлээр нэлээд ажил хийсэн байдаг. Учир нь хүйтэн дайны үед ЗХУ цөмийн зэвсгийнхээ дийлэнхи туршилтыг Казахстаны зүүн хэсэгт, манайд ойрхон байдаг Семипалатинскийн полигонд хийдэг байсан. 1949-1991 онд тэнд 456 удаа цөмийн зэвсэг туршисны 340 удаа нь газар дор, 116 нь агаар мандалд хийсэн байдаг. Олон улсын судлаачдаас 2014 онд гаргасан судалгаагаар Семипалатинскийн ойролцоох бүсэд 1.5 сая хүн цацрагийн хөнөөлд өртөж хохирсон байдаг.Удаахь үейнхэн нь ч мөн хохирсоор байгаа ажээ. ОХУ цөмийн туршилтын улмаас хохирсон Уулын Алтайн хязгаарынхандаа тусламж үзүүлж ирсний адил Казахстан тусгаар тогтнолоо зарласныхаа дараахнаас Семипалатинск хавийнхны оршин суугчид, тэдний гэр бүлийнхэд төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн, одоо ч үзүүлсээр байна.

Цөмийн зэвсгийн туршилтаас хүн ам, байгаль орчинд үзүүлсэн хор хохирлыг харгалзан НҮБ Казахстаны санаачилгыг дэмжиж жил бүрийн 8 сарын 29-ний өдрийг цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцэх олон улсын өдөр болгон зарлаж тэр өдрийг угтаж, мөн тэр өдөр цөмийн зэвсгийн аюул занал төдийгүй тийм зэвсэг туршихын хор хөнөөлийг ч өргөн олон нийтэд ойлгуулах талаар олон арга хэмжээг 2009 оноос хойш жил бүр зохиод болсон. Тэр өдөр Казахстан нийслэлдээ олон улсын бага хурал хийлгэж дараа нь хуралд оролцогсдыг Семипалатинскт урьж цөмийн зэвсгийн туршилт хийж байсны хүн амын эрүүл мэнд, байгальд орчинд үзүүлсэн уршгийн талаар тодорхой мэдээлэхийн дээр цацрагийн өвчний талаар Казахстаны судлаачид бие даан болон олон улсын судлаачидтай хамтран хийж байгаа, түүний дотор цацрагийн өвчний хүний удамшил, DNA-д үзүүлж буй мутаци зэргийн судалгаануудын явц, үр дүнгийн талаар мэдээлдэг чухал уламжлал тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар гагцхүү Казахстан, Франц хоёр л полигоноо бүрэн хааж бусадыг тэгэхийг уриалсаар байна. Харамсалтай нь полигонтой бусад улс одоогоор полигоноо хаах талаар ямар ч алхам хийгээгүй байна.

Казахстантай бараг хил залгаа байгаа манай улс Семипалатинскийн болон Хятадын Лоб Нуурын цөмий зэвсгийн туршилтын хоёр полигоноос холгүй байдаг билээ. Манай хоёр хөрш хүйтэн дайны үед 500 гаруй цөмийн зэвсгийн туршилт хийсэн байдаг. Тэгвэл Казахстаныг бодвол Монгол Улс тэдгээр туршилтаас манай хүн ам, байгаль орчинд учруулсан хор хохиролын талаар өнөөг хүртэл бие даан буюу олон улсын тусламжтайгаар хийгээгүй байгаа бараг цорын ганц улс болж үлдээд байна. ЗХУ Семипалатинскийн туршилтаа, нэн ялангуяа агаар мандалд хийсэн туршилтаа ихэвчлэн салхи баруун хойноос зүүн урагшаа үлээж байхад хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл туршилт хийх үед Монгол ихэвчлэн салхин дор нь байж таардаг байсан гэдэг. Тийм улсыг down wind state буюу хамгийн их хохирсон улс гэж үздэг. Тиймээс өнөөдөр манай улс хөрш хоёр оронтой тус бүртэй нь иж бүрэн стратегийн түншлэлийн, өөрөөр хэлбэл дээд зэргийн итгэлцлийн, харилцаатай улс болсныхоо хувьд тэдэнтэй хамтран буюу сонирхогч бусад улс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран 47 жилийн турш хийсэн цөмийн зэвсгийн туршилтууд тус улсын хүн ам, байгаль орчинд хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа гаргаж мэдэж авах хэрэгтэй юм. Тэгэхэд Казахстаны туршлага, тэдэнд тусласан гадаадын судалгааны байгууллагуудын зөвлөгөө, дэмжлэг тун хэрэг болно.

Цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх нь. Казахстан цөмийн зэвсгийн хор хөнөөлийг зөвхөн цөмийн туршилттай холбож үздэггүй, цөмийн зэвсгийг хорогдуулах, устгах чиглэлээр идвэвхтэй бодлого явуулж байдаг. Төв Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг Казахстан, Узбекистан хоёр дор дороо санаачилж Төв Азийн 5 улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр яриа хэлэлцээ явуулж гэрээг 2006 онд байгуулсан. 2009 онд хүчин төгөлдөр болсон уг гэрээг Семипалатинскийн гэрээ гэж олон улсын хэмжээнд нэрлэдэг.

Хүйтэн дайны үед ЗХУ Казахстанд 1.140 стратегийн цөмийн зэвсэг, мөн тодорхой бус тооны тактикийн цөмийн зэвсэг байрлуулсан байсан байдаг. Тиймээс ч АНУ цөмийн зэвсгээ Казахстанд байрлуулсан байсан хэд хэдэн газарт онилуулсан байсан байдаг. Хэрэв нөгөө тал цөмийн цохилт хийсэнсэн бол Казахстан төдийгүй манай улс, ард түмэн ч мөн их хохирох байсныг хүйтэн дайнаас хойш ил болгож байгаа архивын материалууд гэрчилдэг.

1990 онд Ерөнхийлөгч Назарбаев Казахстанд барлаж байгаа цөмийн зэвсгийг бүгдийг нутгаасаа гарган ОХУ-д шилжүүлж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд Украин, Беларусийн адил нэгдэн орж тухайн үед олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээж байлаа. Тэр цагаас хойш Казахстаны судлаачид, мэргэжилтнүүд цөмийн зэвсгийг хорогдуулан устгах, цөмийн аюул заналыг зайлуулах олон улсын арга хэмжээнүүдэд маш идэвхтэй оролцож байдаг. Тухайлбал, цөмийн зэвсгийг хориглох тухай 2017 онд явагдсан олон улсын гэрээ байгуулах яриа хэлэлцээнд төлөөлөгчид нь идэвхтэй оролцож, дараа нь гэрээг цаг алдалгүй соёрхон баталж улмаар гэрээг үндэслэн байгуулагчдын нэг нь болж тодорч орчин үейн түүхэнд бичигдэж байгаа. Гэтэл манай улс хэдийгээр Цөмийн зэвсгийг хориглох тухай олон талт хэлэлцээнд оролцож, гэрээний эхийг эцэслэн батлалцсан улсын тоонд орсон боловч гэрээг соёрхон батлах, түүнд нэгдэж орох асуудал дээр цаг алдаж Казахстаныг бодвол гэрээг үндэслэн байгуулагчдын нэг болоогүй. Манай улсын хувьд бусад улс оронтой энэ гэрээнд нэгдэж орохоороо өрсөлдөхтэй биш харин цөмийн аюулыг зайлуулах талаар идэвхтэй бодлого явуулдгаа харуулахын дээр тэрхүү гэрээнд нэгдэж орсон бөгөөд цөмийн зэвсгийн туршилтад өөртсөн гэж өөрийгөө үзэж байгаа улсуудад олон улсын тусламж үзүүлэх тухай гэрээнд заасныг ашиглаж 500 гаруй туршилтын үр нөлөө, үр дагаварын талаар олон улсын судалгаа гаргуулж авах явдал чухал юм. Энэ талаар миний бие урьд өмнөх Гадаад харилцааны сайдад анхаарулж хэлж байсан боловч үр дүнд хүрээгүй. Саявтар Б.Батцэцэг сайдад бараалхахдаа түүнд энэ талаар тодорхой мэдээлсэн. Энэ чиглэлээр гэрээг үндэслэн байгуулагчдын нэг нь болох Казахстаны дэмжлэгийг авч Монголын хохирлын талаар судалгаа гаргуулах талаар ажиллах бүрэн боломж байна. Тийм судалгаа гаргуулна гэдэг бол хоёр хөршөөсөө заавал төлбөр нэхнэ гэсэн үг биш, харин түүхэн үнэнийг тогтооход чухал юм.

Цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох нь.
Казахстан цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэ талаар цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ (CTBT) байгуулах яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож гэрээ байгуулагдмагц манай улсын адил түүнийг цаг алдалгүй соёрхон батласан оруудын нэг юм. Өнөөдөр Казахстан манай адил нутагтаа цөмийн туршилтыг хянах 5 станц байрлуулсны дотор чичирхийллийн үндсэн станц нэг, туслах гурван станц болон нил авианы нэг станц байгуулан ажиллуулж байна (манай улс чичирхийллийн үндсэн станц, нил авианы, радионюклидын болон цөмийн туршилтыг нотлох нобелийн хийн станц тус бүр нэгийг байгуулан ажиллуулж байна). Цөмийн нууц туршилтыг илрүүлэх зорилгоор байгуулагдах CTBTO байгууллагын одоогоор байгуулагдаад байгаа 337 хяналтын станциас авсан мэдээллийг Венад байрладаг Олон улсын мэдээллийн төв боловсруулж гэрээнд оролцогч улс орнуудад түгээдэг. АНУ, Хятад, Иран, Израил, Египет зэрэг цөөн тооны цөмийн зэвсэгтэй буюу цөмийн үйлдвэртэй улс тэрхүү гэрээнд нэгдэж ороогүйгээс болж гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр болоогүй байна. Хэдий тийм боловч CTBTO-ын хяналтын тогтолцоо үйл ажиллагаагаа явуулахад үндсэндээ бэлэн болоод байна. Казахстаны санаачилгаар 2008 онд цөмийн зэвсэг туршсан байж болзошгүй сэжиг гарахад асуудлыг газар дээр нь очиж мөрдөж шалгах олон улсын механизмыг Казахстаны нутаг дээр шалгаж байталгаажуулсан байдаг. Чингэхийн тулд олон улсын 40 судлаачид, мэргэжилтнүүд хэмжилт хийх бараг 40 тонн тоног төхөөрөмжтэй тэнд очиж 5 долоо хоногийн турш хээрийн багц сургуулилтыг амжилттай хийж хяналтын механизмыг баталгаажуулсан байдаг. Механизм нь цаашид бага хэмжээний туршилт хийсэн ч баттай илрүүлэх боломжтойгоо харуулсан. Хэдий тийм боловч АНУ цаашид туршилт хийх боломжоо хаахгүй байхын тулд гэрээг соёрхон батлахгүй байсаар байгаа бөгөөд тиймээс Хятад ч соёрхон батлахгүй АНУ-г харсаар байна.

Монгол, Казахстан хоёр газарзүйн төстэй нөхцөлд байдаг тул газар хөдлөлтийн талаар CTBTO-ийн шугамаар хийгдсэн судалгаанууд, хуримтлагдсан баялаг туршлага, энэ талаар гарч байгаа сүүлийн үеийн мэдрэмж сайтай технологийг ашиглан газар хөдлөлтийг урьдчилан мэдэрч илрүүлэх талаар хамтран судалгаа хийх боломж байгаа.

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нь. Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа цөмийн зэвсгийг нутагтаа байрлуулж байснаас гадна 1999 он хүртэл Казахстаны баруун хэсэгт байдаг Актауд BN-350 хийцийн реактор бүхий цөмийн цахилгаан станц ажиллуулж байв. Одоо судалгааны хэд хэдэн реактор ажиллуулж асар их туршилга хуримтлуулаад байна. Зөвлөлт засгийн үед Казахстанд цөмийн түлш хийхэд керамик таблетуудыг агуулсан реакторын түлшний саваануудыг үйлдвэрлэдэг байсан учраас цөмийн түлш үйлдвэрлэх боломжтой, энэ салбарт үлэмж туршлагтай, энэ чиглэлийн боловсон хүчинтэй улс мөн тул манай улс уранаа ашиглах талаар тэдний туршлагаас суралцах хэрэгтэй юм. Юуны өмнө манайд сураг нь одоо гарч байгаа оросын судалгааны реактор ажиллуулах боловсон хүчнээ Казахстанд дадлагажуулж болох юм. Францын Арева хэмээх хуучин нэрээрээ нэрт гарсан байгууллагтай Казахстан хэрхэн, ямар үр дүнтэй хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцох нь манайд санаа өгч болох ач холбогдолтой юм.

Казахстан эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ болон байгаль орчноо бодож ойрын үед цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Түүнд нь туслаж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн байгаа. Харин цахилгаан станцаа Алматы мужийн Улкенд барих эсэх нь тодорхой бус байсаар байна. Ямар ч атугай тэрхүү станцаа чухам хаана барихаар шийдэх, мөн түүнээс гарах ашигласан түлш буюу шаар хаягдлаа хэрхэх талаар нь мэдээлэлтэй байх нь манайд чухал юм. Өнөөг хүртэл Монгол Улс хоёр хөршийнхөө цөмийн ашигласан нэн аюултай түлшний талаар нарийн судалгаагүй явж ирлээ. Гэтэл Хятад цөмийн ашигласан түлшээ Ганьсу мужийнхаа Жичуан хотын ойролцоо байдаг Бэйшаньд булшлах судалгааны лабораторийнхоо шавийг өнгөрсөн 6 сард тавьсан тухай хэвлэлээр мэдээлж 2050 он гэхэд тэнд дэлхийд бараг хамгийн том агуулах байгуулагдаж болзошгүйг ойлгуулсан. Орос ч мөн Красноярскийн өмнөд хэсэгт байдаг Нижнеканскд тиймэрхүү лабораторийг ойрын үед барихаар төлөвлөж байгаа ажээ. Тиймээс энэ талаар нэлээд мэдлэг, туршлагтай Казахстаны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг оролцуулсан олон улсын судалгаа гаргах, эсвэл эрдэм шинжилгээний бага хурал хийлгэж бодитой мэдээлэлтэй болох нь манайд нэн чухал байна.

Уг нь манай хөрш хоёр цөмийн гүрний ашигласан түлшний бодлогын талаарх мэдээллийг тэдэнтэй нэгэнт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныхоо хувьд бид зарчмын хувьд тэднээс шууд авч болох талтай. Гэвч тэд нууцалдаг мэдээллээ тийм ч амархан өгөхгүй нь ойлгомжтой. Тэгвэл УИХ-аас 2015 онд гаргасан Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тогтоолд ОУАЭА-ийн шугамаар байгуулсан 3 гэрээ конвенцид нэгдэж орохыг Засгийн газарт мэдэгдсэн байдаг. Хэрэв тэрхүү тогтоолын дагуу Монгол Улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэж орсосон бол түүнд тусгагдсан зиндаа нэгтний буюу peer review механизмыг ашиглах боломжтой байх байсан. Түүний дагуу конвенцид оролцогч цөмийн хөтөлбөртэй аливаа улсад хандаж тавьсан асуулгыг конвенцид оролцогч бусад бүх улсад нэгэн зэрэг мэдэгдэхийн дээр хариуг нь ч мөн адил мэдээлдэг тэрхүү механизмыг манай улс ашиглах боломжтой байх байсан. Тэгвэл хөрш хоёр улсынхаа ашигласан түлшний талаар баттай мэдээлэлтэй болж Хятад, Оросыг байгуулахаар төлөвлөж байсан лабораторийнхоо байршлын талаар эцсийн шийдвэр гаргахаас нь өмнө тэдэнтэй ярилцаж болох байсан. Үгүй гэхэд ямартай ч Монгол Улс энэ асуудалд эмзэглэж байгааг тэднийг шийдвэрээ гаргахаас нь өмнө мэдэгдэх боломжтой байх байсан. Харамсалтай нь 2015 оны УИХ-ын тогтоолд заасан нэгдэж орохоор гэрээ конвенцийн нэгэнд нь ч өнөөг хүртэл нэгдэж ороогүй байгаа. Түүнийг гадны нөлөөллөөр болсон гэж үзэх үндэсгүй, манайхан хариуцаж байгаа асуудлаа бүрэн мэддэггүй, хариуцлагагүй ханддаг байдлаас болсон гэлтэй. УИХ-ын тийм чухал заалтууд хэний буруугаас болж тасраад байгааг тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн талаас нь авч үзвэл 60 гаруй сая малаас эко маркийн мах, махан бүтэгдэхүүн, мөн хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад гаргах манай бодлогод хоёр хөршийн цөмийн хаягдлын агуулахууд алсдаа саад болохгүй гэсэн баталгаа алга болно.

Уранаа ашиглах нь. Казахстан манайтай адил ураны их баялагтай улс орон мөн. Манайхаас ялгаатай нь түүнийгээ эдийн засгийнхаа эргэлтэнд оруулж 2009 оноос ураныхаа үйлдвэрлэлээр дэлхийд нэгд орсон бөгөөд 2019 он гэхэд дэлхийн ураны 43 хувийг үйлдвэрлэсэн байдаг. Уранаа бага хэмжээгээр боловсруулаад экспортлодгоос гадна 2019 оноос ураныг бага хэмжээнд буюу 4.95%-д хүргэж баяжуулж цөмийн цахилгаан станцад ашиглах түлшийг олон улсын хамтын нийгэмлэгийн хэрэгцээнд зорулж манайхаас холгүй орших Ульбийн төмөрий үйлдвэрийг түшиглэн байгуулж түүнийгээ “банк” болгон хадгалах болов. Цөмийн түлшний “банк” байгуулах асуудал 2000-аад оны эхээр ураныг баяжуулах технологи дэлгэрч түүнийг ашиглан ураныг цөмийн зэвсэг хийх хэмжээнд баяжуулах аюул гарч болзошгүй гэж үзэж тийм технологийг олон улсын хяналтад авч, зөвхөн цөөн газар түлш үйлдвэрлэж байхаар ярьж байсан. Тэр үед Казахстан уран баяжуулах туршлагаа ашиглаж тийм түлшийг ОУАЭА-ийн хяналтын дор үйлдвэрлэн гаргаж байх санал тавьсныг Агентлагийн Захирагчдын зөвлөл дэмжиснээр Казахстан тийм эрх олж авсан байдаг. Тэрхүү банкинд байх 90 орчим тонн түлш нь нэг том хотыг эрчим хүчээр 3 жил хангах боломжтой байгаа. ОУАЭА-ийн мэдэлд байх түлшний энэ банк нь олон улсын хэмжээнд цөмийн түлшээр үйлчлэх хоёр дахь банк болж байгаа юм. Харин гадаадад гаргах тулшнийхээ шаар хаягдлыг Казахстан эргүүлж авах эсэх, хэрэв эргүүлж авбал түүнийгээ хэрхэх бодолтой байгааг хөрш улсынхаа хувьд Монгол улс мэдэж байх шаардлагатай.

Цөмийн түлшний анхны банкийг ОХУ байгуулсан байдаг. 2008 онд ОХУын Ерөнхийлөгч Путин Эрхүү мужид байдаг Ангарскийн электролиз-химийн комбинатыг түшиглэж Уран баяжуулах олон улсын төв, мөн олон улсын хэрэгцээнд зориулсан цөмийн цахилгаан станцад ашиглах түлшний банк байгуулсан байдаг. Ангарск дахь тэрхүү олон улсын төвийн хувьцаа эзэмшигч улсынхаа хувьд Казахстан хамтарч ажилладаг тул үйл ажиллагааны нь талаар тодорхой мэдээлэлтэй байдаг нь монгол-казахстаны хамтын ажиллгаанд чухал байж болох юм. Ураны үлэмж нөөцтэй улсынхаа хувьд манай улс тэрхүү олон улсын төвд хувьцаа эзэмшигчээр орж мэдээлэл авч хамтарч ажиллавал бүүр ч сайнсан. Энэ талаар Вена дахь ЭСЯ-аас тодорхой санал тавьж байсан боловч ГХЯ тухайн үедээ авч хэлэлцээгүй өнгөрөөсөн байдаг.

Хэдийгээр Казахстан ОУАЭА-т манайхаас 21 жилийн хойно элссэн боловч манайхыг бодвол ашиг сонирхлоо идэвхтэй урагшлуулж, манай УИХ-ын 60 дугаар тогтоолд нэр зааж дурдсан Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны 1997 оны конвенцид аль хэдийнээ нэгдэн орж үр өгөөж, ашиг шимээс нь хүртэж байна (жич. 1997 оны конвенци нь улс оронд ашигласан түлш буюу цөмийн шаар хаягдлыг оруулах биш харин цөмийн цахилгаан станц ажиллуулдаг улсуудаас шаар хаягдлынхаа талаар явуулж буй бодлогын талаар мэдээлэл авч хэлэлцэж мэргэжлийн зөвлөгөө өгч байх зорилгтой юм. Энэ талаар конвенциос нь уншиж болно). Мөн Казахстан ирээдүйгээ бодож өөрийн болон бусадын цөмийн үйл ажиллагаатай холбогдуулж гарч болох осол аваарийн талаар олон улсын хариуцлагыг тогтоосон гэрээнд нэгдэн орж эрх ашгаа хамгаалж байна. Тэгвэл манайх хэдийгээр цөмийн үйлдвэрлэлтэй хоёр том гүрнтй дунд оршдог боловч энэ тал дээр ямар ч бодсон зүйлгүй суусаар байна.

Энэ мэтчилэн хамтарч ажиллах олон асуудал байгаа бөгөөд манай улс эдгээр асуудлаар тодорхой бодлого дахин боловсруулж бодитой арга хэмжээ авах цаг нэгэнт ирээд байна. Эдгээрийн заримаар нь Элчин сайд Жумаевичтой хамтарч ажиллах хэрэгтэй юм.

Цөмийн асуудлаас гадна олон улсын харилцааны зарим бусад салбарт ч Казахстанаас сурах, санаа авах зүйл, хамтарч ажиллах боломж нэлээд байна. Тухайлбал манай улс НҮБ-д гишүүнээр эслссэнийхээ 60 жилийн ойг энэ жил тэмдэглэх гэж байгаа. Гэтэл дээр дурдсанчлан, манайхаас бараг 30 жилийн дараа НҮБ-д элссэн Казахстан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдон нэр төртэй ажиллаж тус Зөвлөлийг даргалж байсан байдаг. Мөн 57 улсын гишүүнчлэлтэй ЕАБХАБ-ыг Элчин сайд К. Абдрахманов бүтэн жил даргалж, мэргэжилтнүүдээ тэнд ажиллуулан дадлагжуулж, нэн их туршлага суусан, бүсдад танигдсан, хүндлүүлсэн боловсон хүчинтэй болоод байна. ЕАБХАБ гишүүн 17 орондоо хөгжлийг нь дэмжих зорилгоор тус байгууллагын төлөөллийн газруудыг байгуулан ажиллуулж байгаа. ЕАБХАБ-ын 2017 оны тайлангаас үзвэл Астанад (шинэ хэрээр Нурсултанд) жилийн 2.2 сая еврогийн төсөвтэй олон улсын 7 мэргэжилтэн, орон нутгийн 22 хүн ажилладаг төлөөллийн газрыг ажилуулж байна. Нэг ёсондоо тэнд тодорхой зорилго бүхий дунд зэргийн ЭСЯ ажиллуулж байгаа гэсэн үг юм. Түүний үйл ажиллагааны зорилт, чиглэлийг Казахстаны засгийн газартай ярилцаж тохирсон байдаг. 2017 онд том жижиг 150 орчим үйл ажиллагаа явуулж 51 тодорхой төсөл хэрэгжүүлсэн байдаг байна. Тэгвэл манай улс ч мөн тус байгууллагын гишүүнийхээ хувьд Улаанбаатарт төлөөллийн газар байгуулж тэр чухал байгууллагтай хамтын ажиллагаагаа хавьгүй өргөжүүлэх боломж байсаар байна. Казахстаны одоогийн Ерөнхийлөгч К. Токаев 2013-2019 онд НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дэх салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан зэргээс харвал санаа авах зүйл их байна.

Дээрх бүхнээс үзвэл Казахстан олон улсын харилцаанд их идэвхтэй, үр өгөөжтэй бодлого явуулж ирсэн манай хөрш юм. Монголчууд бидэнд Казахстанаас санаа авах, түүний дотор цөмийн салбараа хөгжүүлэх, энэ чиглэлээр хамтарч ажиллах талбар нэлээдгүй байна. Тэдний хувьд ч манайхаас санаа авах зүйл цөөнгүй байдаг. Тухайлбал, ардчилал, олон ургальч тогтолцоог хөгжүүлэх, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих талаар явуулж ирсэн туршлага, олсон алдсанаасаа хуваалцаж болох мэт санагдана.

Улаанбаатар, 2021.08.25
Ахмад дипломатч, олон улсын хуульч Ж.Энхсайхан

Мэдээ, мэдээлэл

2 хүүхдийн ээж Б.Батчимэгт амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье

Published

on

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье.

Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар: Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн.

Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан.

Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Тархиа үр дүнтэй ашиглая лекцэнд урьж байна

Published

on

Баян-Өлгий аймагт Монголын Оюун Ухааны Академийн франчайз салбар нээгдэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” лекцээ хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд хүргэнэ.

Та бүхнийг 3 сарын 15-ны 19:00 цагт М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрт хүртэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 9597-4848 (Altai Academy)

 

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Элчин сайд Жалгас Адилбаев сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв:

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!

Сар шинийн баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хуугааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.

Цагаан сарын баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.

Шинэ ондоо Та бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Найрсаг Монгол түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хүндэтгэсэн,

Бүгд Найрамдах Казахстан Улсаас
Могнгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Жалгас Адилбаев


Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев мырза Шаған мерекесіне құттықтау жолдады.

Құрметті достар!

Шаған мерекесіне орай шын жүректен жылы лебізді құттықтауымды қабыл алыңыздар!

Шаған мерекесі – моңғол халқының ең жақсы салт-дәстүрлері мен әдет-ғұрыптарын жинақтаған ежелден сақталып келе жатқан көне мереке. Осы күні айналамыз қуанышқа толып, қақарлы қыс мезгілін көптен күткен көктем алмастырады, сондай-ақ онымен бірге ең жарқын үміттердің есігі ашылады.

Шаған мерекесін тойлау кезінде туған-туыстары мен достарын аралап, ақ айдың басталуымен құттықтауы, қоғамның әрбір мүшесі өзін үлкен ел мен тату ұжымның бір бөлігі ретінде сезінуі үшін бас қосуы – моңғол халқының ерекше дәстүрі.

Осы мерекелі күндерде туыс пен достарыңыз жүректеріңізді жылылық пен қуанышқа бөлеп, шаңырақтарыңызға келісім мен өзара түсіністік, бақыт пен оң өзгерістер әкелсін.

Бауырлас Моңғолия халқына шын жүректен бейбітшілік, мейірімділік, қуаныш, гүлдену және амандық тілеймін!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Құрметпен,

Қазақстан Республикасының Моңғолиядағы
Төтенше және Өкілетті Елшісі
Жалғас Жұмаұлы Әділбаев

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Дерек1 year ago

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды, деп хабарлайды qazradio.fm Ақорданың баспасөз қызметіне сілтеме жасап. Түркі мемлекеттері ұйымының...

Дерек1 year ago

Айдағы Үндістанның станциясы «ұйқы» режиміне көшеді

05 қыркүйек, KAZNEWS. Айдың бетінде күн батып, түн басталған кезде Үндістанның қондырғыш станциясы мен өздігінен жүретін станциялары «ұйқы» режиміне көшеді....

Дерек1 year ago

Кристиан Бэйл батыс Моңғолияға саяхаттады. #Бэтмэн😀

24 шілде, KAZNEWS. Жоғарғы суреттегі азамат әйгілі актер Кристиан Бэйл. Ол шілде айында батыс Моңғолияда саяхаттап, көшпенділердің салт дәстүрімен танысып...

Дерек2 years ago

Футзалдан ел біріншілігіне қатысқан футболшылардың орташа жасы – 23 де

6 сәуір, KAZNEWS. Моңғолия Президентінің қолдауымен Дорноговь аймағының Сайншанд қаласында ұйымдастырылған футзалдан 21 аймақтар арасындағы «Ұлттық кубок-2023» ел біріншілігі аяқталды. ...

Дерек2 years ago

Таба аласыз ба? Моңғолияда ілбіс суретке түсіп қалды

Ұлыбританиялық DailyMail басылымы америкалық фотограф Макса Воның суретін жариялады. Суретте Алтай тауларының тау-тасты шатқалында сирек кездесетін ілбіс түсірілген. Ерекше ілбісті...

Дерек2 years ago

1903-2023 жыл аралығындағы қоян жылында есте қалған оқиғалар

06 қаңтар, KAZNEWS. Қоян жылы– барыс жылынан соң, ұлу жылынан бұрын келетін мүшел есебінің төртінші жылы. Қоян қазақтың шаруашылық тарихында...

Дерек2 years ago

Жылдың үздік 10 оқиғасы – KAZNEWS

24 желтоқсан. KAZNEWS ақпараттық агенттігі жыл сайын «Жылдың үздік 10 оқиғасын» анықтауды дәстүрге айналдырған. Агенттіктің көзқарасы бойынша 2022 жылдың үздік...

Дерек2 years ago

Тұрды Төлекенұлы туралы деректі фильм жарыққа шықты

04 желтоқсан, KAZNEWS. Көрнекті мемлекет және қоғам қайраткері, Қобда беті қазақтары (Монғолия) арасынан мемлекеттік лауазым атқарған алғашқы қайраткерлердің бірі Тұрды...

Басты назарда

Exit mobile version